Боловсролын философи асуудал
Хүн хэмээх амьтан энэ орчлонд мэндлэхдээ юу ч үгүй хоосон мэндэлдэг билээ. Түүнийг хүн гэдэг нийгмийн амьтан болгон төлөвшүүлж, хөгжүүлэх үүргийг гагцхүү боловсрол гүйцэтгэнэ.
Иймд боловсролын үндэс суурь болсон асуудлууд болох боловсролын бодлого, зарчим, түүний үүрэг, боловсролын зорилго, хөгжлийн зүй тогтол, боловсролын хөгжлийг тодорхойлогч хүчин зүйл, бие хүний төлөвшлийн асуудлууд, боловсролын агуулга, боловсролын технологи, боловсролын философи сэтгэлгээ, түүний хөгжил, багшийн үүрэг, хөгжил, сурагчийн хөгжил, боловсролын хөгжлийн чиг хандлага, зүй тогтол[1] зэргийг гүн ухааны үүднээс судлах, тайлбарлах шаарлагатай байна. Боловсролын хөгжлийн асуудлуудыг философийн үүднээс авч үзэх нь шинжлэх ухааны чухал ач холбогдолтой болоод байна. Боловсрол бол зогсонги үзэгдэл биш, харин нийгмийн өөрчлөлтийг дагаж, түүний хэрэгцээг хангах зориулалтаар нөхцөлдөн ямагт хөдөлгөөн, хөгжилд оршиж байдаг. Тийм учраас боловсролын талаархи тухайн цаг үеийн судалгааны үр дүн ба философи дүгнэлтэнд дараа дараачийн үеүдэд нэмэлт, засвар, шинэчлэл, оруулах хэрэгцээг үүсгэж байдаг. Нөгөөтэйгүүр боловсролын асуудлаархи янз бүрийн судлаачдын философи шийдэл, дүгнэлт хэзээ ч нэг ижил хариутай байдаггүй. Иймээс боловсролын философийн аль ч асуудлыг нягтлан судлах нь зөвхөн монголчуудын хувьд биш , ер нь дэлхий дахины философи сэтгэлгээний хэмжээнд шинжлэх ухаанч, шинэлэг ач холбогдолтой байж чадна гэж үзэж байна.
“Боловсролын философи” нь ерөнхий Философиос салан тусгаарлаж бие даан хөгжиж эхэлсэн 1960 - аад оноос түүний судлах зүйл, үндсэн асуудлуудаар эрдэмтдийн дунд өргөн маргаан дэгдэж судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж эхэлсэн . “Боловсролын философи” -ийг шинжлэх ухааны түвшинд оновчтой хөгжүүлэхийн тулд юуны өмнө түүний “ТҮҮХ - ”ийг судлах нь зайлшгүй чухал [2]. Гэвч“Философийн түүх“, “Сурган хүмүүжүүлэх ухааны түүх”- ийн асуудал гэж судлагдаж байсан боловч чухамдаа “Боловсролын философи“ - ийн түүхийг судалсан зүйл одоог хүртэл байхгүй байна. Иймээс боловсролын философийн түүхийн судалгааг эхэлж, боловсролын онолчдын үзэл баримтлалуудыг харьцуулан судлах нь энэ шинжлэх ухааныг жинхэнэ ѐсоор хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Хүн төрөлхтний агуу их сэтгэгчдийн эцэг болох Сократ, Платон, Аристотель, Демокрит, Квинтлиан зэрэг эрдэмтэд эртний нийгмийн онцлогод тохирсон боловсролын тухай үзэл санааг дэвшүүлж, бие хүн төлөвших процесс, хүн, түүний нийгмийн шинж чанар, ухамсар, танин мэдэхүй, үйл ажиллагааны тухай сургаалиа туурвиж,
боловсролын тухай онолын эх үндсийг тавьсан юм. Энэ хүмүүсийн сод санаануудын үндсэн дээр боловсролын тухай мэдлэг хөгжиж өнөөгийн онолын түвшинд хүрсэн байна.
Сократ. Эртний Грекийн агуу их философич Сократ/мэө 469 - 399/ нь хэдийгээр ядуу дорд гаралтай боловч газар эзэмшигч язгууртны үзэл суртлыг баримтлагч идиалист философич байв. Сократ ертөнцийн бүтэц эд юмсын мөн чанар танигдашгүй бөгөөд хүмүүс зөвхөн өөрийгөө л танин мэдэж болох юм гэж үздэг байжээ. Тэрээр ѐс суртахууны сэдвээр олон нийтийн газарт яриа хийж асуулт хариултын журмаар сонсогчдыг юмны үнэн мөнийг өөрсдөө олж мэдэхэд хүргэхийг хичээдэг байжээ.“Сократын яриа“ гэгдэж байсан энэ аргаас хожим нь дөхүүлэх асуултын арга үүсэн гарчээ. Сократын энэ арга нь сурагчийг өдөөх, цэгцтэй бодож сэтгэх, өөрийгөө шалгах, түүний мэдлэгийг өргөжүүлэх сургалтын үндсэн арга юм.Сократ боловсролын зорилгыг тодорхойлохдоо хүний оюун ухааныг алив гадаад муу нөлөөнөөс чөлөөлж, хүний мэдлэг, боловсролд тэмүүлэх сонирхлыг хөгжүүлснээр практик үйл ажиллагаанд хэрэг болох дадал чадварыг бий болгож, чадвар хэрэгцээ хоёрын
нэгдлийг бий болгоход оршино гэж үзэж байлаа.
Платон бол боловсролын гүн ухааны үндсийг тавилцагч хэмээн бат тооцогдох хүн юм. Тэр иргэдийг нийгмийн үндсэн хоёр бүлэгт хуваажээ. Нэгдүгээр бүлгийн хүмүүсийг практик (хар) ажилд сайн сургах ёстой гэнэ. Учир нь түүний хэлснээр, “бидний өмсөх гутал бат бөх байх хэрэгтэй, бас газар хагалагдсан байх ёстой” юм. Хоёрдугаар бүлгийн хүн бол бүр бага залуу наснаасаа л байгалиас заяасан бие бялдар, оюун санааны хүч чадлаараа тодрон гарч ирнэ. Зохих хүмүүст хэрэгтэй боловсролыг олгосноор тэднийг үр дүнтэй ашиглан нийгмийн хэрэгцээг хангана гэж үзэж байв. Гэхдээ суралцагч нь бие хүний хувьд яаж бүрэлдэн хөгжиж байна гэдэг асуудал энд орхигдсон бөгөөд эцсийн зорилго бол зөвхөн төгс улсын (ideal state - идеальное государство) сайн сайхны төлөө чадварлагаар хүчин зүтгэх явдал юм. Платоны боловсролын номлолыг язгууртны давхаргад бүрэн зохицсон хэмээн үзэж болох ба орчин үеийнхээр бол элитийн (нийгмийн шилдэг хэсэг) онол гэж нэрлэхэд хилсдэхгүй. Тэрбээр өөрийн гэсэн сургуультай байжээ. Түүний сургууль “Академий” гэсэн нэрээр түүхэнд үлджээ. Академид Платон схоларх буюу сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэж байв. Энэ сургуульд өөртөө захирах (автократ) ёс үйлчилж байлаа.Түүний доор архонт хэмээн нэрлэгдэх зөвлөл (одоогийнхоор бол оюутны зөвлөл) байх бөгөөд бүрэлдэхүүнийг нь өдөр болгон сурагчдаас шинээр сонгож, зохион байгуулна. Платон өөрөө нэгэн зэрэг сургуулийнхаа хамгийн шилдэг багш, мөн хамгийн сайн сурагч байж, олж авсан мэдлэг, танин мэдэх чармайлтаараа хамгийн нэр хүндтэйд тооцогдож байсан гэнэ.
Өөр нэгэн цэцэн билигтэн –Аристотель мөн л, хүн болгон өөрт таарсан мэдлэгийг эзэмшиж, өөрт тохирсон байр суурийг амьдралд олж авах ёстой гэсэн санааг номлож байв. Одоо ч өргөн хэрэглэгддэг энэ загварыг “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн монгол ардын зүйр үгээр ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд багаас нь зөв хүмүүжил олговол насан туршдаа түүндээ үнэнч байх болно гэсэн санаа юм. Танин мэдэх процессыг Аристотель пирамидтай зүйрлэсэн байна.Пирамидын сууринд бодит, материаллаг ертөнц байх бол орой хэсэгт нь цэвэр оюун санааны хийсвэрлэлүүд байх ажээ. Хүн төрөлхтөн бүхэлдээ, харин дотор нь хүн бүр өөр өөрийн оргил өөд тэмүүлнэ. Харин энэ оргил юу байх, түүнд хүрч чадах эсэх нь байгалиас заяасан чадавхи, нийгмийн байдал гэх мэтийн нөхцлөөс хамаарна.Оюун санааны дээд төвшинд хүрсэн хүн л оргилд гарч чадах юм. Аристотель мөн л схоларх байсан бөгөөд түүний сургуулийг Ликей гэдэг байв. Хожим энэ нэрийг лицей хэмээн латин аялгаар дуудах болсон.Ликейн гол онцлог нь хичээлийг явган зугаалга маягаар өрнүүлдэг байсан гэнэ.
Дундад зууны үед төрийн феодалын боловсролын тухай онол бий болж, сүм хийдийн сургуулиуд олноор байгуулагдаж байсан бөгөөд энэ үеийн боловсролын онолд схоластик болон гумманист чиглэл голчилж Франсуа Рабле, Томас Мор, Мартин Лютер, Мыщель Де Монтень нар боловсролын тухай сургаалаа туурвисан юм.
Боловсролын гүн ухааны хөгжлийн дараагийн мөч нь Сэргэн мандалтын үеэс (ренессанс) эхлэлтэй. Эртний Грекээс энэ үеийг хүртэлх 1000 жилд боолын соёл иргэншил мөхөж, Европт феодалын нийгэм бүрэлдэн, загалмайн шашины хатуу чанга дэглэм (Папын засаглал) газар сайгүй тогтжээ.Удаан хугацааны туршид ноёлон буй сүм хийдийн соёл иргэншил нь бие хүний чөлөөт хөгжлийг үгүй хийж, боловсролыг чанга хяналтын дор байнгын албадлагаар олгох ёстой, зөвхөн ганц үнэн бий, бүгд бурханы үнэнч шавь байх ёстой гэсэн зарчмыг баримталж байв. Сэргэн мандалтын ачаар сүмийн эрх мэдэл буурч эхэлсэн тэр үеэс эхлэн хүний оюун санааны эрх чөлөө, үзэл бодлын олон талт байдлын тухай дахин яригдах болсон байна.
Энэ үед Ф.Бекон, Ион Мильтон зэрэг олон эрдэмтэд боловсролын тухай үзэл онолоо боловсруулж, сургаал, бүтээлүүдээ туурвисан түүхтэй.
1657онд Чехийн агуу их сэтгэгч Я.А.Коменский ”Их дидактик” зохиолоо туурвиснаар ”Сурган хүмүүжүүлэх ухаан”-ы суурь тавигдаж үүнээс хойш боловсролын онол практикийн бүхий л асуудлыг түүний хүрээнд шийдвэрлэж иржээ. Өөрөөр хэлбэл боловсролын тухай онол болж Сурган хүмүүжүүлэх ухаан бий болсон бөгөөд түүний хажуугаар философийн шинжлэх ухааны хүрээнд ерөнхий асуудлууд нь яригдсан хэвээр байлаа. Я.А.Коменскийн араас К.А.Гельвеций, Д.Дидро, И.Г.Песталоций, И.Гербарт, И.Дистервег, Р.Оуэн зэрэг философичид боловсролын асуудлыг онолын түвшинд авч үзэж ирсэн бөгөөд энэ үед Ж.Ж.Руссогийн ”Эмиль ба түүний хүмүүжил” гэдэг алдарт зохиол гарснаар боловсролын философи хэмээх шинжлэх ухааны эх үндэс тавигдсан гэж зарим эрдэмтэд үздэг байна. Гэвч ХIХ зууныг хүртэл боловсролын философийг тусгай шинжлэх ухааны хувиар хүлээн зөвшөөрч түүний зорилго, судлагдахууныг тодорхойлж байсангүй гагцхүү Сурган хүмүүжүүлэх ухаан л боловсролын тухай ерөнхий шинжлэх ухаан болж оршин тогтнож ирсэн юм.
Үүнтэй холбогдуулж Английн эрдэмтэн Питерс ”боловсролын философийн асуудал хүний нийгмийн соёл иргэншилтэй нас чацуу боловч одооноос л улс төрийн философи, шинжлэх ухааны философийн нэгэн адилаар тусгай шинжлэх ухаан болон судлагдаж байна” 3 гэж 1980-аад онд бичиж байв. Хүний үйл ажиллагааг тайлбарласан аливаа онолын сэтгэлгээ нь хүн төрөлхтний түүхийн тодорхой үе шатанд түүний хэрэгцээ бий болсон үед үүсэж, тодорхой хугацааны дараа шинжлэх ухаан болж хөгждөг.
Америкийн философич Чарльс Пирс[3], 19-р зууны 70-аад онд прагматизм (“pragma”–“үйлдэл”гэсэн грек үг) хэмээх философийн урсгалыг үндэслэсэн байна. Прагматизмын гол зарчим “оршихуй бол үр ашигтай байх ёстой” гэсэн үгээр илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл бодит үнэний гол шалгуур нь түүний практик ач холбогдол юм гэжээ. Боловсролыг бодит амьдралтай холбож өгөх хэрэгтэй, боловсрол бол хүн амьдралаа өөрийн хүссэнээр зохиоход туслах хэрэгсэл юм, харин хүн бодит байдлыг өөрийн хүсэл, сонирхлын дагуу бүрдүүлдэг гэж прагматизм номлодог байна. 20-р зууны эхээс прагматизм нь АНУ болон Английн сэхээтний давхаргад өргөн таржээ.
19-р зууны сүүлээс өнөөдрийг хүртэлх цаг хугацааны зурвас дахь өрнийн боловсролын философийн үндсэн чиглэлүүд
Тус бүрдээ тодорхой философийн үндэслэл бүхий хандлагуудыг эссенциализм (essentialism), экспериментализм (experimentalism), экзистенциализм (existentialism), постмодернизм (postmodernism) гэх мэтээр ангилдаг ажээ.
Эссенциализм. Энэ нь латин хэлний “essentia” буюу “мөн чанар” гэсэн үгээс гаралтай. Боловсролын тухай уламжлалт үзэл санаа, арга хэлбэрүүдийг бүхнээс илүүд үздэг учраас маш консерватив чиглэлд тооцогдоно. Эссенциализм нь суралцагчдын хэт бие даасан байдал, уян хатан сургалт, багшийн гүйцэтгэх үүргийг багасгах гэх мэт шинэ үзэл баримтлалуудыг эрс эсэргүүцэж, боловсрол бол эмх цэгцтэй, гүн гүнзгий агуулга бүхий шат дараалсан, ёс жаягтай байх ёстой хэмээн үздэг байна. Ер нь л хичээлийн гол санаачлага багшийн гарт байх ёстой. Өөрт нь дамжуулсан мэдээллийг буцаагаад зөв илэрхийлж чадаж буй хүнийг амжилттай суралцсанд тооцно. Шалгалт бол суралцагчийн мэдлэг, бодит мэдээлэлтэй хэр нийцэж буйг тогтооход чиглэгдсэн байна гэх мэтээр номлодог юм. Консерватив үзэл баримтлал гэсэн утгаар нь эссенциализмын үүсэл, хөгжил бүр Платон, Аристотель нарын үеэс эхлэлтэй гэж үзэж байна.
Экспериментализм. Энэ нь прагматизмын нэгэн төрөл. Боловсролын гол хүчин зүйл нь туршлага байх ёстой, боловсролыг олгохдоо суралцагчийн хувийн хэрэгцээ сонирхолтой нягт уялдуулах хэрэгтэй өөрөөр хэлбэл сурах сонирхол нь их байх ёстой, боловсролын гол зорилго бол хүүхэд өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, итгэл үнэмшилтэй болж, түүнийгээ хамгаалж чаддаг болох явдал юм гэж экспериментализмд үздэг байна. Экспериментализмыг үндэслэсэн хүн нь америкийн эрдэмтэн Жон Дивей[4] юм. Тэрээр сургууль нь залуу хүний идэвхтэй үйл ажиллагааг багасгаж, бусдын хийсэн нээлтүүдтэй ээлж дараалан танилцуулах ёсгүй. Түүний гол үүрэг бол хэрэгтэй хэрэггүй олон хичээлээр цаг үрэхийг болиулж, харин сургалтыг ашигтай удирдан явуулахын тулд тусгайлан сонгож авсан практик үйл ажиллагаанд сурагчдыг хамруулах явдал юм.Өнөө үед туршлагын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, онолын хичээлийн давамгайлсан байдлыг сүрхий багасгаж байна.Энэ нь зөвхөн бие даасан үйл ажиллагааны дүнд л жинхэнээр танин мэдэж чаддаг гэдгийг харуулж байна.Хэрэв ямар нэг юмс үзэгдлийн учрыг олохыг хүсвэл янз бүрийн нөхцөлд түүнийг туршиж сурах хэрэгтэй юм.Дадлагын арга дээр үндэслэсэн ийм сургалт боловсролын системд нэвтрэх ёстой”.
Экзистенциализм. 20-р зуунд дэлгэрсэн гүн ухааны урсгал бол экзистенциализм (“existentia”–“оршин байх” гэсэн латин үг) юмаа. Экзистенциализмын гүн ухааны номлол нь ямар нэгэн зорилго, үзэл санаанд баригдалгүй бүрэн чөлөөтэй амьдрах явдал ажээ.Хүн энэ хорвоод оршин байна гэдэг л юу юунаас илүү чухал, бусад нь бүгд хийсвэр, утга учиргүй зүйлс гэж экзистенциализм үздэг байна.Тийм ч учраас экзистенциализм нь аливаа шинжлэх ухааны (ялангуяа байгалийн) ач холбогдлыг үгүйсгэж, хүнийг физик, хими, биологийн судлагдахуун мэтээр авч үзэхийг эрс эсэргүүцдэг. Бие хүний оюун санаа, дотоод сэтгэлийн ертөнц л хамгийн эрхэм. Боловсролын эцсийн үр дүн бол бие хүний төлөвшил байх ёстой гэж экзистенциализм үзнэ.Тиймээс зүгээр л оюутанд мэдлэг дамжуулж буй процессыг нэг их чухалчилж үзэхгүй.Харин олж авсан мэдлэг, төсөөлөл нь тухайн хувь хүний оршихуйд яаж нөлөөлж байгааг гойд сонирхдог. Боловсрол нь байгалийн хуулиудыг судалж бус харин хүний мөн чанарыг таньж мэдэхээс эхлэх ёстой. Бэлэн хөндий, тусгаар мэдлэгээс биш харин өөрийнхөө “Би”-г таньж ойлгохоос эхлэх ёстой гэдэг байна.
Постмодернизм. Модерн гэдэг үг “өнөөгийн”, “орчин үеийн” гэсэн утгыг агуулдаг. Постмодернизм гэдэг нь орчин цагийн бодит байдалд шинжлэх ухаан, соёл, боловсрол, нийгмийн оюун санаа гээд ерөөсөө бүх л зүйл утга учраа алдан, нөөц боломжоо шавхаж дууссан, тиймээс цаг үеэ өнгөрөөсөн энэ бүх үзэл суртлаас салж ангижрах хэрэгтэй гэсэн үзэл баримтлал юм. Орчин үеийн соёл иргэншлийг бүхэлд нь юм уу хэсэгчлэн шүүмжилж, таагүй ханддаг философичид энэ чиглэлд хамаарна. Постмодернистуудын үзэж буйгаар бол, модернист сурган хүмүүжүүлэгч (өөрөөр хэлбэл одоогийн боловсролын салбарт ажиллагч багш) өөрийн зааж байгаа зүйлийг бодитой үнэн гэсэн бат итгэлтэй байдаг аж. Ийм хандлага нь боловсролын салбарт өнөөдөр гарч буй хямралт байдлын нэг эх үүсвэр болдог гэнэ.Өөрөөр хэлбэл сурган хүмүүжүүлэх аливаа чиглэл хөдөлгөөнгүй царцсан мэт зогсонги байдалд орж, өөрийгөө хянан засварлаж чадахгүй, хүсэхгүй байна, үүнийг өөрчлөх ёстой хэмээн критик сурган үздэг юм.Этгээд үзэл санаа бүхий постмодернизмын нэртэй төлөөлөгчид нь Айвин Иллич, Пауло Фрейре гэх мэт эрдэмтэд байдаг. Нийгэм нь бие хүнийг эдийн засгийн, улс төрийн, соёлын хараат байдалд оруулж, “өнөө маргаашийн талхны мөнгөний хойноос гүйсэн амьтан”болгон хувиргаж байна, боловсролын тусламжтайгаар ийм “бохир” нийгмийг өөрчлөх боломжтой, үүний тулд боловсрол өөрчлөгдөх ёстой гэсэн байна.
Боловсролын философийн үзэл баримтлал Монголд
Манай улс 70 гаран жилийн хугацаанд хойд хөрш ЗХУ-аас боловсролын бараг бүх шатны сургалтын бэлэн загварыг авч шууд хэрэглэн орчин цагийн өрнийн боловсролын тогтолцоотой бараг адил системийг бий болгосон билээ.Ингэснээр харьцангуй бага хугацаанд бүх нийтийн бичиг үсэгтэй болгож, эмнэлэг, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбартай болон нийгмийн эдгээр салбарт ажиллах мэргэжилтнүүдээ өөрөө бэлтгэдэг болсон . Гэхдээ алдсан зүйл ч бас байгаа билээ. 1990 оноос ардчилал гарч Монгол улс нийгмийн тогтолцоогоо эрс өөрчилж, улс төрийн ардчилсан байгуулал, эдийн засгийн чөлөөт харилцаанд шилжсэн.Үүнтэй уялдан боловсролын талаар шинэ нийгэмд таарч тохирох шинэ үзэл баримтлал хэрэгтэй болсон . Ийм учраас өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангаж чадахуйц, гүн ухааны өөр сэтгэлгээн дээр үндэслэсэн шинэ үзэл баримтлалыг боловсруулж бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Монгол дахь боловсролын гүн ухаан нь олон хувилбартай байж бас болно.Өөрөөр хэлбэл бэлэн загварууд[5] ба өөрсдийн боловсруулсан загваруудыг хамтаар авч явдаг байг. Гэхдээ эдгээрийн хангаж байх ёстой хамгийн гол шалгуур нь улс орны “хөрсөнд” бүрэн зохицсон, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, явуулах үйл ажиллагааны бат үндэслэл болж чадах явдал юм.Өнөөдөр Дэлхийн соёл иргэншлийг бүхэлд нь хөдөлгөж байдаг гол хүч бол өрнө, дорнын соёл. Гэхдээ энэ хоёр үзэл хоорондоо зөрчилддөг. Монголын философичид өрнийн иргэншлийг арга давамгайлсан, дорнын иргэншлийг билиг давамгайлсан хэмээн тодорхойлдог байна.Соёл иргэншлийн хөрс суурь нь гүн ухаан байдаг.Тиймээс энэ нь өрнийн ба дорнын гүн ухааны зөрчил буюу арга, билгийн сөргөлдөөн ажээ. Энгийнээр илэрхийлбэл арга гэдэг нь үйлдэл, билиг гэдэг нь хийсвэрлэл юм.Тиймээс өрнийн буюу аргын философи нь үйл хөдлөл, хувьсал өөрчлөл дээр тулгуурласан бол дорнын буюу билгийн философи нь оюун санааны сэтгэлгээ, хийсвэрлэл дээр тулгуурласан гэнэ.Үндэсний түүхэн уламжлалаар бол Монгол орон дорнын иргэншлийн нэг хэсэг (заримдаа нүүдлийн иргэншил хэмээх шинэ ангилалд хамааруулдгийг эс тооцвол).Харин орчин цагийн Монголын нийгэм өрнийн иргэншлийн хэв маягийг хүчтэй шингээсэн байгаа.Тиймээс, гүн ухаантнуудын хэлдгээр хөгжлийн эх үндэс болсон арга билгийн сөргөлдөөн буюу шүтэлцээг маш сайн агуулсан тийм үзэл баримтлал бүхий боловсролын гүн ухааныг бий болгох нь туйлын зохимжтой гэж Н.Хавх үзсэн байна.Түүнчлэн өнөөдөр идэвхтэй яригдаж буй шавь төвтэй сургалт гэдэг нь прагматизмын, тэр дундаа экспериментализмын шинж төрхийг агуулсан байна гэхэд хилсдэхгүй . Экспериментализм бол арга хүчтэй давамгайлсан урсгал. Харин Монголын боловсролын эссенциализмыг онолын сургалт зонхилсон гэсэн утгаар нь билгийн шинж төрхтэй гэж үзвэл яах бол.Тэгвэл хамгийн энгийнээр бодоход уламжлалт багш төвт сургалт ба шавь төвт сургалтыг ухаалгаар хослуулах нь арга билгийг тэнцвэртэйгээр шүтэлцэн барилдуулсан хэрэг болох мэт.
Түүнчлэн дэлхий нээлттэй болж, хүн хоорондын харилцаа либеральчлагдсан үед монгол хүний өрсөлдөх чадварыг гагцхүү орчин үеийн чанартай, хүмүүнлэг боловсрол, түүний тогтолцооны хөгжлийн түвшин тодорхойлно. Тиймээс одоогоос 20 гаруй жилийн тэртээд эхэлсэн боловсролын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэн төлөвлөсөн зорилгодоо хүргэж чадвал XXI зуунд Монгол орон, монгол хүний оршин байх баталгаа нэмэгдэх бөгөөд хүний хөгжилд тулгуурласан тогтвортой хөгжлийн бодлого маань цаашид улам боловсронгуй болж улс орон маань хөгжинө гэж бодож байна.
Ашигласан материал
1. Н.Бэгз “БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДЛУУД ”
2. Ш.Ичинхорлоо “БОЛОВСРОЛ СУДЛХЛЫН УДИРТГАЛ”
3. Ц.Гомбосүрэн “Философи” сурах бичиг
4. Н.Хавх, “Боловсролын гүн ухаан”, Буддын судлал цуврал 3, УБ, 1998.
5. http://bujidmaa.blogspot.com/2008/03/blog-post_14.html
6. https://www.scribd.com/doc/51647023/bolovsrol
[1] -Ш.Ичинхорлоо. БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН УДИРТГАЛ. УБ. 2008. 34дэх тал.,
[2] - https://www.scribd.com/doc/.,
[3]Чарльс Сандерс Пирс (1839-1914) – гүн ухаантан, сэтгэл судлаач, логикч.
[4] Жон Дивей (1859-1952) – америкийн нэртэй философич, нийгэм судлаач, сурган хүмүүжүүлэгч.
[5] Н.Бэгз. БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДЛУУД. УБ. 2005. 44 дэх тал